Бодлогот баатар цэнд гүнгийн нэрэмжит шагнал 2021
Энэхүү шагнал нь анхлан Монгол бичгээр бичигдсэн боловч хожим нь хятад галигаар буулгаж, хятад хадмал орчуулгатай Е Дэхуйн бар хэвлэлийн Монголын нууц товчооны иж бүрэн 12 дэвтрийг 1917 онд монгол бичгээр хөрвүүлэн сэргээн буулгаж орчуулсан Бодлогот баатар Цэнд гүнгийн гэгээн дурсгалд зориулагдсан.
Олон улсын Монгол судлалын холбоо (ОУМСХ), Бодлогот Баатар Цэнд Гүн ТББ хамтран Монголын нууц товчоо судлал, Монголын түүх, уламжлал, соёлын өвийн чиглэлээр судалгаа хийж, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн судлаачдад Монголын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдрийг (12 дугаар сарын 29) тохиолдуулан Бодлогот Баатар Цэнд Гүнгийн нэрэмжит шагналыг хоёр жилд нэг удаа олгож байна.
Бодлогот Баатар Цэнд Гүн ТББ нь 2016 онд байгуулагдсан бөгөөд Монголын түүх, уламжлал, соёлын өв болон Монголын нууц товчоо судлалыг дэмжих, сурталчилах үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй.
Монголын нууц товчоог Бодлогот Баатар Цэнд Гүн анх хөрвүүлэн буулгаж орчуулж дуусгасаны 100 жилийн ойг тохиолдуулан Бодлогот баатар Цэнд гүнгийн нэрэмжит шагналыг 2017 онд бий болгосон.
Монголын нууц товчоог судлах, дэлхий дахинд таниулах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн анхны шагналыг профессор, шинжлэх ухааны доктор, академич Д.Цэрэнсодном, хоёр дахь шагналыг 2019 онд профессор, шинжлэх ухааны доктор Б.Сумьяабаатар нарт олгосон.
Харин энэ жилийн шагналыг Монголын нууц товчооны 780 жилийн ойг тохиолдуулан “Монголын нууц товчоон дахь газар нутгийн нэр судлал” бүтээл туурвисан профессор, шинжлэх ухааны доктор, гавьяат багш Э.Равдан болон “Цэнд гүн ба Монголын нууц товчооны анхны монгол орчуулга” ном туурвисан залуу судлаач профессор, доктор Б.Түвшинтөгст нарт олгов.
Шагнал нь ОУМСХолбооны лого болон Цэнд Гүнгийн дүрс бүхий батламж, нэг сая төгрөгийн мөнгөн урамшуулалтай.
Гүн Цэндийн Монгол улсын тусгаар тогтнол, нэгдсэн Монгол улс байгуулах үйлсэд оруулсан гавьяа зүтгэл, мэдлэг чадвар, хүчин чармайлтыг Олноо өргөгдсөн Монгол улсаас өндрөөр үнэлэн Бодлогот Баатар хэргэм олгож, Монгол улсын Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэх яамны туслан шийтгэлцэх сайд, Гадаад хэргийн бүгд эрхлэн шийтгэгч яамны дэд сайдын албан тушаалд тохоон томилон ажиллуулж байснаас гадна тухай бүрт нь зэрэг дэвээр, тухайлбал тэргүүн зэрэг жинс, нэг нүдний тогосын отго, харавтар улаан өнгийн жолоо зэргээр шагнан урамшуулж байжээ.
Цэнд гүнгийн нэрэмжит дараагийн шагналд монголын болон гадаадын судлаачдын нэр дэвшүүлэх нь нээлттэй болно.