2024-12-04

Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид аа!

         Монголч эрдэмтэд сайн дураар нэгдсэн дэлхийн монгол судлалын хамгийн том байгууллага Олон улсын монгол судлалын холбоо байгуулагдсан цаг үеэсээ хойш өнөөг хүртэл тус салбарын судлаачдын эв нэгдлийн илэрхийлэл болсоор ирсэн билээ.

         Бид тус холбооны үйл ажиллагааг улам өргөжүүлэх, дэлхийн монгол судлалын хөгжлийн шинэ цаг үеийг бий болгохын төлөө зорин ажилладаг. Манай холбоо гадаад, дотоодын монгол судлалын сургалт, судалгааны төв, мэргэжлийн нийгэмлэг холбоодтой нягт хамтарч, тэднийг байнгын мэдээллээр хангах, эрдэм судлалын олон талт үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлийг эрхэмлэдэг.

         Цаашид олон улсын монголч эрдэмтдийн мэдээллийн нэгдсэн санг буй болгох, нийгмийн сүлжээг харилцаа холбооны гол гүүр байлгах, мэдээллийн сэтгүүлийг тогтмолжуулах, олон улсын бүсчилсэн хурал, семинарыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн Олон улсын монголч эрдэмтний XIII их хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсныг энэхүү мэндчилгээгээр дамжуулан сонордуулахад нэн таатай байна.

         Монгол судлалын хамрах хүрээг хэл, соёл, түүхийн судлалаар хязгаарлахгүй монголын нийгэм, улс төр, эдийн засаг, эрх зүйн тогтолцоо, монголчуудын уламжлалт мэдлэг ухаан зэрэг олон салбараар өргөжүүлэн хөгжүүлэх нь бидний чухал зорилт болно. Олон улсын монгол судлалын холбоо олон үйл ажиллагааг өөртөө үүрэн зохион байгуулахаас илүүтээ гадаад, дотоодын монгол судлалын байгууллага, эрдэмтэн судлаачдыг хооронд нь холбох гүүр байх нь бас нэгэн чухал үүрэг юм. Тиймээс тодорхой судалгааны чиглэлээр харилцаа холбоо тогтоох, хамтарсан үйл ажиллагаа явуулах сонирхолтой гадаад, дотоодын байгууллага, хувь эрдэмтдийг холбож, ном эрдмийн найрсаг нөхөрлөлийн гагнаас болоход бид бэлэн байна.

Монгол судлал цэцэглэн хөгжиж, монголч эрдэмтдийн эрдмийн үйлс арвижин дэлгэрэх болтугай.

Та бүхний эрдэм судлалын ажилд их амжилт ерөөе.

Олон улсын монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга

Далайн Заяабаатар