2024-11-21

Олон Улсын Монгол Судлалын Холбоо

Олон Улсын Монгол Судлалын Холбоо (ОУМСХ) бол олон улсын хэмжээнд монгол судлалын мэдээлэл түгээх, эрдэм шинжилгээний сэтгүүл, цуврал гаргах, хурал зохион байгуулах зэрэг үйл ажиллагаагаараа олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага. Анх 1970 онд Олон улсын монголч эрдэмтний их хурлын байнгын хороо нэртэй байгуулагдаж, хорь шахам жил амжилттай ажилласны дараа түүнийг байнгын үйл ажиллагаатай болгон өргөжүүлэх зорилгоор 1987 онд 36 орон, олон улсын 4 байгууллага болон ЮНЕСКО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын бие төлөөлөгчийн оролцоотойгоор “Олон Улсын Монгол Судлалын Холбоо”-г байгуулах шийдвэр гаргажээ. Олон Улсын Монгол Судлапын Холбоо (ОУМСХ)-г санал нэгтэй байгуулсан БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1988 оны 107 дугаар тогтоолоор ОУМСХ-ны нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулсан. Ингэснээр ОУМСХ өөрийн үйл ажиллагааны чиглэл зорилтыг тусгасан дүрмээ боловсруулж, их хурлаараа батлуулан мөрдсөөр иржээ.

ОУМСХ түүний нарийн бичгийн дарга нарын газар нь монгол судлалын үйл ажиллагааг олон улсын хэмжээнд тогтмол явуулж, 1988 оноос монгол судлалын News Information on Mongol Studies мэдээллийн цуврал, 1990 оноос олон улсын эрдэм шинжилгээний Mongolica сэтгүүл, гадаад, дотоодын монголч эрдэмтдийн 40 гаруй бүтээлийг эрхлэн гаргажээ. Мөн тус нарийн бичгийн дарга нарын газарт Америк, Франц, Япон, ОХУ-ын монголч эрдэмтэд ирж зургаан сараас бүтэн жилийн хугацаагаар ажиллаж байсан бөгөөд тэдний цалин хангамжийг улсын төсвөөс гаргадаг байв. Түүнчлэн олон улсын монголч эрдэмтдийн их хурлыг зохион байгуулдаг уламжлалтай.

Сүүлийн үед монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж байна. ОУМСХ нь эдүгээ гадаадын 400 орчим, дотоодын 100 орчим гишүүнтэйгээс гадна гадаадын монгол судлалын 40 гаруй төвтэй нягт холбоотой ажиллаж, тэдгээрт өөрийн эрхлэн гаргадаг сэтгүүл, цуврал болон монгол судлалын холбогдолтой шинэ мэдээлэл түгээх чиглэлээр ажиллаж байна. Тус ОУМСХ-ны үйл ажиллагаа нь нэг талаар монгол судлалын эрдэм шинжилгээний чиглэлтэй, нөгөө талаар, монгол үндэснийхээ түүх, соёл, зан заншил, улс орныхоо өнөөгийн бодит байдлыг судалгааны бүтээлээр дамжуулан гадаадад сурталчлан таниулахад чиглэгдэж байдаг. Цаашид Монгол Улсын гадаад нэр хүндийг өсгөх, монгол үндэстнийхээ түүх соёлын судал гааг олон улсын хэмжээнд өргөжүүлэхийн тул гадаадын монгол судлалын төвүүдийн үйл ажиллагаа, монголч эрдэмтдийн бүтээлийг дэмжих, монгол судлалын залуу үеийг бэлтгэхэд анхаарч байна.