2024-11-23

Олон улсын монголч эрдэмтдийн аравдугаар их хурал

 Олон улсын монголч эрдэмтдийн аравдугаар их хурал
2011 оны 8-р сарын 9-13-нд Улаанбаатар хотноо болсон Олон улсын монголч эрдэмтдийн Х их хуралд Австри, Англи, АНУ, Канад, Франц, Герман, Голланд, Финлянд, Дани, Швед, Швейцарь, Израиль, Итали, Испани, Турк, Казахстан, Азербайжан, ОХУ, Болгар, Чех, Унгар, Польш, Румын, Тайвань, Хятад, Энэтхэг, Балба, Япон, Монгол зэрэг гучаад орны 350 орчим  эрдэмтэд оролцжээ. Энэ удаагийн их хурлыг “Монголын гадаад харилцаа ба түүхэн туршлага”  гэсэн ерөнхий сэдвийн дор  “Түүхийн өмнөх үе болон түүхэн үеийн Монгол ба гадаад ертөнц”, “Монгол хэл, соёлын тулгамдсан асуудлууд”, “Монголын эдийн засаг, улс төр”, “Монголын гадаад харилцаа, дипломат ёс”, ”Монголын тусгаар тогтнол, хувьсгал” гэсэн таван салбар хуралдаантайгаар зохион байгуулжээ.
Их хуралд гадаадаас E.Endicott (АНУ), M.Gervers (Канад), A.Sanders (Англи) J.Legrand (Франц), G.Bethlenfaly, A.Sarkozi, O.Borbala (Унгар), E.Ragagnin (Герман), J.Vacek (Чех) Jan Rogala (Польш), M.Hashimoto, K.Matsuda, T.Matsukawa, H.Futaki, T.Nakami, K.Okada (Япон), Lee Seong-Gyu (БНСУ) L.Chandra, Sh.Soni (Энэдхэг), И.В.Кормушин, М.И.Гольман, В.В.Грайворонский, В.И.Рассадин, А.Цендина, Э.Омакаева, И.В.Кульганек, П.О.Рыкин (ОХУ), Ринчендорж, Хишигтогтох, Сэцэнцогт, Б.Улаан (БНХАУ) нарын зэрэг 200 гаруй эрдэмтэн, Монголын талаас  Ж.Цолоо, Д.Цэрэнсодном, Л.Болд, Ж.Болдбаатар, Д.Цэвээндорж, Ц.Шагдарсүрэн, Ц.Өнөрбаян, Ш.Чоймаа, С.Дулам, Ш.Сонинбаяр нарын зэрэг зуу гаруй эрдэмтэн судлаачид оролцож, нийтдээ 280 орчим гаруй илтгэл хэлэлцүүлжээ.
Тус их хурлаас ОУМСХ-ны ерөнхийлөгчөөр Германы монголч эрдэмтэн, профессор Klaus Sagaster-ийг, мөн тус Холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар хэл шинжлэлийн эрдэмтэн, академич Домийн Төмөртогоог тус тус санал нэгтэй сонгов. Мөн ОУМСХ-ны Хүндэт ерөнхийлөгчөөр Японы профессор Шигэо Озава, академич Шагдарын Бира нарыг сонгосон болно.