2024-11-21

Европын II дугаар хурал- “Монгол ба Монголчууд: Өнгөрсөн үе- Өнөөгийн байдал”

 Европын II дугаар хурал- “Монгол ба Монголчууд: Өнгөрсөн үе- Өнөөгийн байдал”

Монгол ба Монголчууд: өнгөрсөн үе – өнөөгийн байдал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хоёрдугаар бага хурал энэ оны сарын 06-09-нд Варшавын Их Сургуульд болов.

Эрдэм шинжилгээний бага хурлыг Монгол Улсаас БНПУ-д суугаа Элчин сайд Н.Батаа, Монгол судлалыг дэмжих сангийн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар, Олон Улсын Монгол Судлалын Холбооны Ерөнхийлөгч Агнэш Бирталан нар нээж үг хэлж, хүндэт зочноор уригдсан монголч эрдэмтэн професор Д.Төмөртогоо эхний илтгэлийг тавив. Уг бага хуралд Урадын Булаг, Вэсна Воллэс, Хөхбаатар, Мария Петрова, Бүрэнбилэг зэрэг 10-аад орны 50 гаруй эрдэмтэн судлаачид оролцож, монгол судлалын өнөөгийн байдал болон ирээдүйн хөгжлийн талаар хэлэлцэж, санал солилцов.

Гурван өдөр хуралдах хурлын үеэр монголчуудын өв соёл, түүх, шашин, хэл шинжлэлийн асуудлаар олон сонирхолтой илтгэлүүд хэлэлцэгдэх юм.

Бага хурлын хүрээнд Польшийн Шинжлэх ухааны академийн Археологи, угсаатны зүйн хүрээлэнгийн нэрт монголч эрдэмтэн, профессор Славой Шинкевичийн 80 насны ойд зориулан түүний 1970-аад онд Монголд судалгааны ажлаар явахдаа авсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болов.

Бага хурлыг Дорно дахины дээд сургуулийн Турк ба Азийн улсуудын судлалын тэнхим, Варшав дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Ази ба Номхон далай музей, Монгол Улсын БСШУСЯ, ОУМСХ, Польш улсын Шинжлэх ухааны академийн Археологи, угсаатны зүйн хүрээлэн хамтран зохион байгуулж байна.