Азийн бүсийн II хурал “ХХ зууны Монголын ертөнц: эргэн харах нь”
Энэ жилийн Европын хурал нь Варшавын Их сургуульд V дугаар сард явуулсан бол намрын хурал буюу Азийн II-р хурал “ХХ зууны Монголын ертөнц: эргэн харах нь” олон улсын хурлыг Япон улсын Токио хотод 11 сарын 3-4-нд зохион байгуулж байна. Олон Улсын Монгол судлалын холбооны үйл ажиллагааг бүс нутагт өргөтгөх, бүс нутгийн эрдэмтдийн харилцааг өргөтгөх, Монгол судлалын хүрээг өргөжүүлэх зорилготой тус хурлын нээлтэд Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэснийг Япон дахь Монгол улсын элчин сайд Д.Батжаргал уламжилсан байна. Ерөнхийлөгчийн мэндчилгээнд Монгол судлалын бүс нутгийн хурлыг дэмжиж санаачилан ажиллаж байгаадаа талархал илэрхийлээд цаашид монголын төрөөс авч хэрэгжүүлэх дэмжиж туслахаа илэрхийлсэн.
Тус хуралд Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхийлөгч Агнеш Бирталан, ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуун, дэд Ерөнхийлөгч Кембриджийн Их сургуулийн профессор Урадын Булаг, Бээжингийн Ардын Их сургуулийн профессор Боржигдай Оюунбилэг, Японы Үндэсний Угсаатны музейн профессор Юки Конагаяа, ОХУ-ын ШУА-ийн Буриадын Монгол, Будда, Төвд судлалын хүрээлэнгийн захирал, Академич Б.В.Базаров, доктор С.Төмөр-Очир, Монгол судлалын Үндэсний Зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар, Архивын Ерөнхий газрын дарга С.Энхбаатар нарын удирлага оролцож байна. Мөн эрдэмтэн Танака Кацухико, Германы эрдэмтэн Хурцбаатар, Бээжингийн Их сургуулийн Дулаан профессор, Жүнко Окада, Кузьмин С.Л, Железняков А.С. нарын эрдэмтэн судлаачид сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлж байна. Тус бүс нутгийн хурлын дараа жилийн Европын хурал IV-р сард Унгар улсын Будапештийн Их сургуульд, Азийн хурал Солонгос улсад зохион байгуулагдана.