Азийн бүсийн III хурал – “Монголчуудын соёлын өв: археологи ба бичгийн дурсгал”
Олон Улсын Монгол судлалын Холбооны Азийн бүсийн III хурал Сөүл хот дахь Солонгосын Үндэсний музейн байранд энэ сарын 8-9-ний өдрүүдэд “Монголчуудын соёлын өв: археологи ба бичгийн дурсгал” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, 10 гаруй орны 69 эрдэмтэн, судлаач болон хоёр талын албаны төлөөлөгчид оролцов.
Хуралд оролцсон эрдэмтэн, судлаачид “Монголын хээр талын дүрс бичлэг”, “Соёлын өвийн бодлого, судалгаа”, “Монголын түүхэн болон сурвалж бичиг I,II,III”, “Монголын aрхеoлоги” зэрэг 6 салбар хуралдаанд өөрийн судалгаагаа танилцуулж, оролцогч судлаачидтай дэлгэрэнгүй санал солилцсон нь нийт оролцогч эрдэмтэд, ялангуяа залуу судлаачдад олон талын мэдээллийг өргөн хүрээнд авах боломжийг нээж өглөө.
Азийн бүсийн III хурлыг Олон Улсын Монгол судлалын холбоо болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Төв Азийн холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд монголын талаас БСШУСЯ, ШУА, ГХЯ, ЕТГ болон солонгосын талаас Соёлын өвийн удирдлагын газар, Соёлын өвийн судалгааны Үндэсний хүрээлэн, Азийн соёлын үндэсний төв, ЮНЕСКО-гийн Номхон далайн биет бус өвийн төв, Хангүг Гадаад судлалын их сургууль, Корйа Соёлын өвийн хүрээлэн зэрэг хоёр талын төрийн болон төрийн бус байгууллагууд дэмжин ажиллав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн бүсийн III хуралд оролцогчдод талархлын мэндчилгээ хүргүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар цаашид ч монгол судлалыг дэмжин ажиллахаа илэрхийлсэн бөгөөд 2020 онд тохиох Хархорум хотын 800 жилийн ой болон 2021 онд тохиох Монгол судлалын XII Их хуралд нийт монголч эрдэмтэн, судлаачдыг идэвхтэй оролцохыг хүссэн.