Олон улсын монголч эрдэмтдийн хоёрдугаар их хурал
1970 оны 9-р сарын 2-7-нд Улаанбаатар хотод болсон Олон улсын монголч эрдэмтдийн II их хуралд Австрали, Англи, АНУ, Финлянд, Франц, ХБНГУ, БНАГУ, ЗХУ, Болгар, Польш, Румын, Унгар, Чехословак, Энэтхэг, Япон, Монгол зэрэг 24 орон, олон улсын хоёр байгууллагыг төлөөлсөн 120 гаруй эрдэмтэд оролцож, “Хэл, утга зохиол”, “Түүх, эдийн засаг” гэсэн хоёр салбар хуралдаанд 110 орчим илтгэл хэлэлцүүлжээ.
Илтгэл тавьсан эрдэмтдийн дотор L.Ligeti, G.Kara (Унгар), D.Sinor, O.Lattimore , John Krueger, John G.Hangin (АНУ), W.Heissig, H.Frankе, K.Sagaster, P.Zieme (ХБНГУ), Sh.Hattori, Sh,Iwamura, M.Murakami, Sh.Ozawa (Япон) , J.A.Boyle, K.Hamphrey (Англи), Igor de Rachewiltz (Австрали), R.Hamayon (Франц), S.Kaluzynski (Польш), А.П.Окладников, Г.Санжеев (ЗХУ) зэрэг гадаадын эрдэмтдээс гадна академич Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан, Б.Ширэндэв, Ш.Нацагдорж, Ш.Бира нарын зэрэг нэрт эрдэмтэд байжээ.
Дэлхийд нэртэй олон эрдэмтэд нэгэн дор уулзсан анхны тохиолдол болсныг хурлын төлөөлөгчид онцолж байв. Энэ удаагийн их хурлаас Олон улсын монголч эрдэмтдийн их хурлын Байнгын хороог байгуулж, ерөнхийлөгчөөр нь академич Б.Ширэндэв, нарийн бичгийн даргаар доктор С.Лувсанвандан нарыг сонгожээ.