Олон улсын монголч эрдэмтдийн наймдугаар их хурал
2002 оны 8-р сарын 5-11-нд Улаанбаатар хотод хуралдсан ОУМЭ-дийн VIII их хуралд Англи, АНУ, Канад, Бельги, Герман, Франц, Голланд, Грек, Итали, Дани, Швед, Норвеги, Унгар, Финлянд, Чех, Румын, Турк, ОХУ, Узбекстан, Казахстан, Солонгос, Тайвань, Хятад, Япон, Энэтхэг, Вьетнам, Монгол зэрэг 27 орны 300 гаруй эрдэмтэн оролцож, “Монголын нүүдлийн иргэншил ба түүний суурьшмал иргэншлүүдтэй холбогдох нь”, “Монгол хэлтнүүдийн хэл утга зохиол, тэдгээрийн бусад улс түмний хэл, утга зохиолтой холбогдох нь”, “Монголын соёл: Уламжлал ба шинэчлэл”, “Монголын тогтвортой хөгжлийн асуудал: Хүний хөгжил ба хүрээлэн буй орчин”, “Монгол ба олон улсын харилцааны шинэ орчин: Геополитик, гадаад харилцааны асуудал” гэсэн таван салбар хуралдаанд 300 шахам илтгэл хэлэлцүүлжээ.
Хуралд оролцогсдын дотор G.Campi, John G.Hangin, Ch.Atwood, E.Endicott (АНУ), M.Gervers (Канад), U.Bulag (Англи), J.Janhunen (Финланд), B.Agnes (Унгар), Rodica Pop (Румын), Sh.Ozawa, H.Okada, M.Hashimoto, T.Nakami, H.Futaki, M.Morikawa, K.Matsuda, Yu.Shibayama, T.Matsukawa, K.Okada (Япон), Choi Dong-Guen (БНСУ), В.В.Грайворонский, Г.И.Слесарчук, Н.Н.Крадин, Т.Д.Скрынникова, Л.Скородумова, И.В.Кульганик, А.Цендина, Э.Омакаева, ¬¬Е.Бойкова (ОХУ), Чойжинжав, Даваадагва, Ринчендорж, Хишигтогтох, С.Гарди, В.Мандуга, Улаан (БНХАУ), Sagarajav, Su-yin Hsiao (Тайвань), П.Хорлоо, Ш.Бира, Д.Цэрэнсодном, Х.Сампилдэндэв, Л.Болд, Д.Галбаатар, А.Очир, Ш.Чоймаа, С.Дулам (Монгол) нарын зэрэг гадаад дотоодын олон нэрт эрдэмтэд байснаас гадна 200 гаруй залуу эрдэмтэн судлаачид оролцсон байна. ХХI зууны гараан дээр болсон энэ удаагийн их хурал нь нүүдлийн иргэншил, тогтвортой хөгжил, гадаад харилцааны шинэ орчин зэрэг асуудалд анхаарлаа төвлөрүүлсэн нь өмнөх хурлуудаас агуулгынхаа хувьд шинэлэг болжээ.
Тус их хурлыг Монгол Улсын Засгийн Газар, ЮНЕСКО, Япон сан ивээн тэтгэжээ.