2024-11-21

Азийн бүсийн I – Монгол сурвалж бичиг судлал

 Азийн бүсийн I – Монгол сурвалж бичиг судлал

Монгол сурвалж бичиг судлалын олон улсын хурал энэ сарын 4-5-ний өдөр БНХАУ-ын нийслэл Бээжинд боллоо. Тус хурлыг Бээжин хотын Төвийн үндэсний их сургуулийн монгол хэл утга зохиолын тэнхим болон Олон улсын Монгол судлалын холбоо хамтран зохион байгуулсан байна. Энэхүү хуралд Төвийн үндэсний их сургуулийн Монгол хэл утга зохиолын салбарын эрхлэгч, профессор Н.Цогт, Өвөр Монголын их сургуулийн орлогч захирал, профессор Н.Эрхэмбаяр, Монгол улсын Академич Т.Цэрэнсодном, Төвийн үндэсний их сургуулийн Монгол хэл, утга зохиолын салбарын профессор Ч.Хишигтогтох нар илтгэл тавьж, Монгол улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, олон улсын Монгол судлалын холбооны нарийн бичгийн дарга С.Чулуун Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгын тус хуралд илгээсэн баярын захидлыг уншиж танилцууллаа.

Хуралд Хятад, Монгол, Герман, Япон, ОХУ, Турк, Чех, Унгар, Өмнөд Солонгос, Хятад, АНУ зэрэг 13 орны 120 гаруй эрдэмтэн судлаач оролцож, монголчуудын үсэг бичиг, шашин, нийгэм түүх, соёл урлаг, анагаах ухаан, газар нутаг зэрэг олон салбартай холбогдох сурвалж бичгийг судалсан талаар хэлэлцэв.

Хоёр өдрийн турш үргэлжилсэн тус хурал нь Олон улсын Монгол судлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.