2024-11-21

Жүгдэрийн Лувсандорж (1939-2021)

 Жүгдэрийн Лувсандорж (1939-2021)

Тэрбээр Цэцэрлэг хотын дунд сургууль төгсөөд, Улаанбаатар хотод Багшийн дээд сургуулийн монгол хэл, утга зохиолын багшийн ангийг дүүргэжээ. 1961-1968 онд Архангай аймагт дунд сургуулийн багш, аймгийн боловсролын хэлтэст ажиллаад, дараа нь 1968-1987 онд МУИС-ийн Хэл бичгийн факультетийн монгол хэлний багш, гадаад оюутны монгол хэлний тэнхимийн эрхлэгчээр 20 жил ажилласан юм.

Профессор Ж.Лувсандорж багш 1971-1973 онд ЗХУ-ын Ленинградын их сургуульд монгол хэлний доцент багш, 1987 оноос хойш Чех улсын Карлын их сургуульд монгол судлалын профессороор уригдан багшилсан билээ.

Профессор Ж.Лувсандорж багш монгол хэл бичиг, түүхэн сурвалж судлал, монгол ардын сурган хүмүүжүүлэх ухаан, угсаатны судлал, зөв бичих зүйн асуудал болон уламжлалт эрдэм ухааны талаар судалгааны олон өгүүллийг монгол, чех, англи хэлээр нийтлүүлсэн бөгөөд түүний бичиж туурвисан “Монгол авианы дуудлага”, “Малчны эрдэм”, “Монголын нууц товчоон” (халх монгол хэлний орчуулга, хэл бичиг, соёлын тайлбар) тэргүүтэн судалгааны бүтээл нь орчин цагийн монгол судлалд чухал хувь нэмэр оруулж байгааг зориуд дурдалтай.