2024-05-17

Эмгэнэл

 Эмгэнэл

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич Шагдарын Бира 2022 оны 2 дугаар сарын 13-ны өдөр таалал төгсөж, бидэнд хүнд гарз тохиолоо.

Ш.Бира нь 1927 онд Улаанбаатар хотноо төржээ. Тэр бээр 1946-1951 онд ЗХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг түүхч мэргэжлээр дүүргэж, 1960 онд түүхийн ухааны дэд эрдэмтэн, 1971 онд түүхийн шинжлэх ухааны докторын зэргийг ЗХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины судлалын хүрээлэнд тус тус хамгаалжээ. 1960 оноос ШУА-ийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч, Дорно дахины судлалын хүрээлэнгийн захирал зэрэг албыг хашиж байв. Ш.Бира 1973-1982 онд ШУА-ийн Нийгмийн ухаан хариуцсан анхны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж, ШУА-ийг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд 1987 оноос Олон Улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон 2011 оныг хүртэл ажиллаж байв.

Академич Ш.Бира нь Түүхийн шинжлэх ухааны нэг чухал салбар болох түүх бичлэгийн ухааныг эх орондоо үүсгэн хөгжүүлэх, монголчуудын түвд хэлт түүхийн зохиолуудыг анхлан судлах хийгээд Монгол үндэсний соёлын өв уламжлал, шашны түүх зэргийг шинжлэн судлах ажилд гарамгай хувь нэмэр оруулжээ. Нийт 200 гаруй ном бүтээл туурвиж, тэнгэрийн үзэл, тэнгэрчлэлийн онол баримтлалыг боловсруулан дэвшүүлсэн нь Монголын улс төр, гүн ухааны онолын сэтгэлгээнд шинэ амжилт болсон төдийгүй нийт хүн төрөлхтний улс төрийн сэтгэлгээний хөгжил дэвшилд анхаарал татсан чухал судалгаа болсон билээ.

Академич Ш.Бира нь ЗХУ (өнөөгийн ОХУ)-ын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэн (1985-1988), Францын Нийгмийн шинжлэх ухааны институт (1988), Энэтхэгийн Түүх судлалын нийгэмлэг (1991), Токиогийн Ази, Африкийн хэл, соёлыг судлах хүрээлэн (1992-1993), Боннын их сургууль (1995),  АНУ-ын Баруун Вашингтоны Их сургууль (1997) зэрэг гадаадын судалгааны байгууллагад зочин профессор, судлаачаар уригдан ажиллаж, Олон Улсын Монгол судлалын холбоог үүсгэн зохион байгуулах, монгол судлалыг гадаадын орнуудад өрнүүлэх, Монголыг гадаадад сурталчлан таниулах үйл хэрэгт ихээхэн хувь нэмэр оруулжээ.

Ш.Бира нь Өвөр Монголын Их сургуулийн хүндэт профессор, Москвагийн Олон Улсын харилцааны Их сургуулийн хүндэт доктор, Энэтхэгийн Соёлын Олон улсын Академийн хүндэт гишүүн, Нью-Йоркийн Академийн гишүүн, Америкийн Төв Евроазийн судлалын нийгэмлэгийн хүндэт гишүүн, Америкийн Монголын Нийгэмлэгийн хүндэт гишүүн, Оросын Шинжлэх Ухааны Академийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн хүндэт доктороор тус тус сонгогдсон. Мөн Их Британи, Умард Ирландын Азийг судлах Хааны нийгэмлэгийн “Денис Синорын Алтан медаль”, 2006 онд Японы Фүкүокагийн Азийн Соёлын шагналын “Академик” шагналаар тус тус шагнагджээ.

Тэр бээр шинжилгээ судалгааны ажлаас гадна эх орныхоо улс төр, олон нийтийн ажилд идэвхтэй оролцож иржээ. 1968 оноос Ардын Их хурлын депутатаар 3 удаа сонгогдож, Монголын Парламентын бүлгэмийн нарийн бичгийн дарга ба даргын ажлыг хийж, “Парламентын бүлгэмийн мэдээлэл” сэтгүүлийг эрхлэн гаргаж, Олон улсын парламентын холбооны бага хурал ба чуулганд 20 шахам удаа Монголын парламентыг төлөөлөн оролцож байжээ.

Академич Ш.Бирагийн хөдөлмөр, бүтээлийг төр, засгаас өндрөөр үнэлж, “Алтан гадас”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Монгол Улсын Шинжлэх Ухааны гавьяат зүтгэлтэн”, “Монгол Улсын Төрийн шагнал”, “Хөдөлмөрийн баатар” цолоор шагнасан байна.

Нэрт түүхч, төр, нийгмийн зүтгэлтэн, академич Ш.Бирагийн ажилч хичээнгүй, хөдөлмөрч зан чанар, удирдан зохион байгуулах өндөр ур чадвар, Монгол улсын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр нь бидний зүрх сэтгэлд үүрд мөнхрөн дурсагдах болно.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, БОЛОВСРОЛ ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ

ШУА-ИЙН ТҮҮХ, УГСААТНЫ ЗҮЙН ХҮРЭЭЛЭН

ОЛОН УЛСЫН МОНГОЛ СУДЛАЛЫН ХОЛБОО