Х.Чойжинжав (1931-)
Өвөр Монголын их сургуулийн профессор Х. Чойжинжав 1931 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Өвөр Монголын Жирэмийн чуулганд төржээ. Тэрвээр 1938-1945 онд Түнляо балгас, Чан чүн хот, Японы Токио хот зэрэг газар монгол, хятад, япон хэл суралцжээ. 1945 онд Японоос буцаж ирснийхээ дараа Вангийн сүмийн Хинган сургуульд суралцаж байгаад 1947-1949 онд Монгол улсын Улаанбаатар хотын Багшийн сургуульд суралцаж төгсөөд 1949 оноос Улаанбаатар хот дахь 11 дүгээр бага сургуульд нэг жил багшилсан ажээ. 1950 оны сүүлчээр Өвөр Монголдоо эргэж очоод тухайн үеийн Сурган хүмүүжүүлэх яамны орчуулан найруулах газар дөрвөн жил ажиллаад 1954-1957 онд Бээжин хот дахь Төвийн үндэстнүүдийн дээд сургуулийн цөөн тоот үндэстний хэл бичгийн салбарт суралцан төгсчээ. Дээд сургуулиа төгссөний дараа Хөххот дахь Өвөр Монголын их сургуульд монгол хэл судлалын багшаар 50 жил ажиллаад 2006 онд тэтгэвэрт гарсан байна. Энэ завсар соёлын хувьсгалын жилүүдэд улс төрийн хилс хэргээр 2 жил гаруй хугацаанд ял эдэлжээ
Профессор Чойжинжав их сургуульд олон жил хичээл заахын зэрэгцээ Өвөр Монголын олон аялгуу болон Шинжааны ойрд аялгууг байцаан судлах ажилд биечлэн оролцож байснаас гадна Өвөр Монголын баримжаа аялгуу тогтоох арга зүй, онолын үндэсийг боловсруулах ажлыг удирдан хийж, өөрөө баримжаа аялгуу тогтоох ажлын комиссын дэд дарга, Монгол хэл бичиг судлах газрын дэд даргаар ажиллаж байжээ. Түүнчлэн Өвөр Монголын их сургуулийн монгол хэлний заан сургалтын үйл ажиллагааг чиглүүлэхэд олон талаар оролцож, монгол хэлний гол сурах бичгийг эрхлэн гаргаснаас гадна тус сургуулиас эрхлэн гаргасан эрдэм шинжилгээний сэтгүүлийг санаачлан эхний 9 дугаарыг эрхлэн гаргасан байна. Мөн их сургуулийн дэргэдэх Монгол хэл бичиг судлах газрыг үүсгэн байгуулах, аспирантур, докторантын сургалт зохион явуулах, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, компьютер хэл шинжлэлийн хэлтэс байгуулж, дата хөмрөг бүрдүүлэх зэрэг ажлыг голлон зохион байгуулжээ.
Чойжинжав багшийн эрдэм шинжилгээний ажлын хувид гэвэл, 1950-иад оны дундаас эхлэн монгол хэлний эгшиг, гийгүүлэгч авианы тогтолцооны тухай үгүүллүүд бичиж нийтлүүлсэн байна. Түүнчлэн Өвөр Монгол болон Шинжаан дахь монгол хэл аялгуунуудыг нэгдэлтэй хөтөлбөрөөр байцаан судалж, үр дүнд нь гарсан хэл аялгууны материал нийтлэх чиглэлээр олон үгүүлэл, аргачилал бичиж нийтлүүлжээ. 1980-аад оны үеэс монгол хэлний авианы түүхэн хэл зүйн асуудлыг сонирхон ‘Монголын нууц товчооны олон тооны ай’ (1987), ‘Монголын нууц товчооны олон тооны –n дагаврын тухай’ (1990) зэрэг сонирхолтой үгүүлэл нийтлүүлж, улмаар Японы эрдэмтэн Х. Күрибаяшийн хамт ‘Монголын нууц товчоон’-ы бүрэн эхийн галигчлал хийгээд үгсийн цэс, дагаврын жагсаалт зэргийг шинээр нарийвчлан хийсэн нь МНТ-ны судлалд үнэтэй хувь нэмэр болсон сайн бүтээл болж, сургалт, судалгааны ажилд өргөн хэрэглэгдэж байна.
Профессор Чойжинжав наяад оны дундуур профессор Чингэлтэйн Японоос авчирсан компьютер дээр ‘Монголын нууц товчоо’-г латин галигаар оруулж, улмаар уг зохиолын доторхи үгсийн бүтцээр нь задлах, эргэж холбох, эрж хайх программ боловсруулж эхэлсэн нь цаашид дэлгэрэн хөгжсөөр ‘Дундад зууны монгол хэлний хөмрөг’, ‘Одоо үеийн монгол хэл бичгийн хөмрөг’-ийг латин галигаар байгуулж, үгийн язгуур-дагавар, үндэс-нөхцөлийг ялган тэмдэглэх, үгсийн сангийн тооцоо хийх зэрэг өргөн хүрээтэй судалгаа хийх болжээ. Компьютер хэл шинжлэлийн чиглэлээр Насан-Урт, Давхарбаяр нарын зэрэг олон судлаач мэргэжиж, монгол хэлний мэдээлэл боловсруулалт (Mongolian Information Processing)-д зориулсан хэл зүй, үгийн сан, утга зүйн судалгаа хийх, түүний дагуу төрөл бүрийн хөмрөг бүрдүүлэх судалгаа хийж, хэрэглээний программ боловсруулах чиглэлээр ихээхэн амжилт олжээ.
Профессор Чойжинжав 1990-ээд оны эхнээс аваад монгол бичиг, дөрвөлжин үсгийн олон улсын галигчлал болон кодын стандарт боловсруулах ажилд цаг зав, хүч чадалаа дайчлан ажиллаж, монгол бичгийн код боловсруулах олон улсын стандартын байгуулгын хурлуудад олон удаа оролцож, санал бодлоо дэвшүүлэн хэлэлцүүлсний үр дүнд монгол бичиг болон дөрвөлжин үсгийн олон улсын кодын анхны хувилбар батлагдсан билээ. Тэрвээр компьютер хэл шинжлэлийн чиглэлээр үргэлжилэн ажиллаж, ‘Монгол шинэ үсгээс худам үсэгт буулгах програм’ (1987), ‘МНТ-ны хятад галиг, хажуугийн орчуулга, латин галигаар эрж, задлах ба бүтээх иж програм’ (1987), ‘Олон зүйлийн үсэг оруулж, гаргах програм’ (1988), ‘Зуун түмэн үгтэй одоо үеийн монгол хэлний дата програм’ (1990), ‘Монгол бичгийн үгийн язгуур, үндэс, дагаврыг задлах програм’ (1993) зэргийг удирдан боловсруулснаас гадна Монгол үсгийн кодчлолын талаар олон арван илтгэл, үгүүлэл бичсэн нь ‘Монгол хэл бичгийн сураг зангийг шийдвэрлэсэн тусгай эмхэтгэл’ нэртэй томоохон боть гарсан билээ.