Их эзэн чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хүрэлсүхийн ивээл дор “чингис хааны ертөнц ба монгол судлал” сэдэвт цогц арга хэмжээ 2022 оны 08 дугаар сарын 5-10-ны өдрүүдэд улаанбаатар хотноо болж өндөрлөлөө
Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” цогц арга хэмжээний нээлт боллоо. Энэхүү үйл ажиллагаанд 15 орны 54 монгол судлаач өөрийн биеэр, 12 судлаач цахимаар оролцон, таван салбар хуралдаанаар 155 судлаачид Чингис хааны түүх, өв соёл, угсаатан зүй, гадаад харилцаа зэрэг өргөн сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Тодруулбал,
- “Монголын түүх, угсаатны судлал” нэгдүгээр салбар хуралдаанд 31 илтгэл
- “Монгол хэл, уран зохиол судлал” хоёрдугаар салбар хуралдаанд 32 илтгэл
- “Монголчуудын соёлын ертөнц” гуравдугаар салбар хуралдаанд 30 илтгэл
- “Монголчууд ба гадаад ертөнц” дөрөвдүгээр салбар хуралдаанд 17 илтгэл
- “Монголчуудын соёлын өв, археологийн судалгаа” тавдугаар салбар хуралдаанд 18 илтгэл
- “Чингис хаан ба өнөөгийн ертөнц” зургадугаар салбар хуралдаанд 27 илтгэл хэлэлцүүлэв.
Монгол төрийн бодлогын цөмд монгол судлал чухал байр суурь эзэлдэг. Монгол судлалын тэргүүлэх чиглэл болсон Чингис хаан судлалыг өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд Монголын төрөөс Чингис хаан өв соёлын бие даасан судалгааны хүрээлэнг байгуулсан. Энэ хүрээндээ Чингис хаан судлалын олон улсын холбоо байгуулж, дэлхийн эрдэмтдийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах, Чингис хааны өв соёлыг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж байна. Энэхүү хурлаар Чингис хаан судлалын олон улсын холбоог байгуулж, Чингис хаан судлалын олон улсын хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурван жил тутам зохион байгуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаргалаа. Монгол хүн, айл өрх бүр Чингис хааны эш хөргийг залах Ерөнхийлөгчийн зарлиг нь Чингис хааны өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх ажлын нэгээхэн хэсэг юм.
Монголын түүх, үлдээсэн өвийг нарийвчлан судлах ажлыг Монгол Улсын төдийгүй дэлхийн эрдэмтэн, судлаачид хамтран гүйцэтгэх төсөл хөтөлбөрийг салбар яамны зүгээс дэмжин ажиллаж буй. Мөн Монгол судлалын ирээдүй болсон залуу монгол судлаачдыг бэлтгэх, тэдний судалгааны ажлыг дэмжинэ.
Эрдэм шинжилгээний бага хурлын үеэр монголч эрдэмтдэд төрийн дээд шагнал гардууллаа.
“Чингис хааны ертөнц ба монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлын хүрээнд Шинжлэх ухааны хүрээлэнгийн тэргүүлэгч бөгөөд жинхэнэ гишүүн Я.Цэвэлийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан, Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, доктор (Sc.D) профессор Сономын Лувсанванданы мэндэлсний 90 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулсан юм.
Эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан судлалын олон улсын холбоо” байгуулж, дэлхийн олон орны эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг идэвхжүүлэн дэмжих, олон улсын эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн зохион байгуулах, ном бүтээл хэвлэн нийтлүүлэх, Чингис хааны өв соёлыг сурталчлан таниулах үйл хэргийг дэмжин ажиллах санал санаачилгыг гаргасан. Түүний санаачилгыг эрдэмтэн, судлаачид дэмжиж, Чингис хаан судлалын олон улсын холбоо байгуулж, Ерөнхийлөгчөөр академич Н.Н.Крадиныг сонголоо. Мөн холбооны Удирдах зөвлөлийг байгуулж, үйл ажиллагааг эхлүүлэхээр болов.