2024-11-21

100 жилийн өмнөх хийгээд өнөөгийн монгол

 100 жилийн өмнөх хийгээд өнөөгийн монгол

Осака хот дахь Япон улсын Үндэсний угсаатны зүйн музейд “100 жилийн өмнөх хийгээд өнөөгийн Монгол” үзэсгэлэн 2022 оны гуравдугаар сарын 17-нд нээгдээд буй. Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан тус үзэсгэлэн тавдугаар сарын 31 хүртэл үргэлжилнэ.

Үзэсгэлэнд 100 жилийн өмнө Монголд ирж байсан гадны судлаачдын авсан гэрэл зургуудыг өнөөгийн гэрэл зурагчдын бүтээлүүдтэй зэрэгцүүлэн, өнгөрсөн ба эдүгээг харьцуулан дэглэжээ. Ийнхүү, Японы эгэл жирийн иргэд болон гадаадын жуулчдыг цаг хугацаагаар аялуулж, манай орныг тал нутаг, нүүдэлчдээр л төсөөлж ирсэн гадныхны нийтлэг ойлголтыг өөрчилж буйд уг үзэсгэлэнгийн ач холбогдол оршино.

“100 жилийн өмнөх хийгээд өнөөгийн Монгол” үзэсгэлэнг Чингис хаан музей, Олон Улсын Монгол Cудлалын холбоо, Шинжлэх Ухааны Академи, Архивын ерөнхий газар, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей болон Оросын угсаатны зүйн музейгээс хамтран зохион байгуулж, харин дэмжигч байгууллагаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсаас Япон улсад суугаа ЭСЯ, Монгол Улсаас Осака хот дахь Ерөнхий консулын газар, Япон-Монголын соёл, эдийн засаг солилцооны нийгэмлэг ажиллаж байна.

Эх сурвалж www.nippon.com

“100 жилийн өмнөх хийгээд өнөөгийн монгол” үзэсгэлэнгийн каталоги нь үндсэн 2 хэсгээс бүрджээ.

Цаг хугацааг даван тольдох нийслэл хот:

  • Богдын хүрээ хийгээд Улаанбаатар
  • Гадаад аялагчдын гэрэл зургийн дуранд буусан Urga (Өргөө) буюу Богдын хүрээ
  • Даяаршсан Улаанбаатар хотын өнгө төрх

Өөрчлөгдөж буй Монголын тал нутаг:

  • 100 жилийн өмнөх болон орчин цагийн нүүдэлчин
  • Гадаадын аялагчдын дуранд буусан Монгол орон
  • Японы экспедицийн дуранд буусан Өвөр Монгол ба Манж-Го
  • Социализмын үеийн Монгол орон
  • Өөрчлөгдөж буй Монголын тал нутаг