ШИНЭ НОМЫН ТАНИЛЦУУЛГА
Олон Улсын Монгол судлалын Холбооноос эрхлэн “Монгол орон Монголчууд” төслийг 2016 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Монголын түүхийн нэгэн чухал эх сурвалж болох гэрэл зургийг гадаад улс орнуудын архив, номын сан, музейн сан хөмрөгт хадгалагдаж буйг олж илрүүлэх, хамтран судлах, хэвлэн нийтлүүлэх, судалгааны эргэлтэд оруулах зорилготой юм. Монгол орон Монголчууд цуврал нь нийт 10 боть бөгөөд ОХУ, Англи улс, Дани зэрэг улсуудад хадгалагдаж буй ХIХ зууны сүүлчээс ХХ зууны 20-иод он хүртэлх хугацаанд Монгол нутгаар явсан хүмүүсийн өмнө хэвлэгдээгүй гэрэл зургийн цуглуулгыг хэвлэн нийтлүүлэх ажлыг хийж гүйцэтгэлээ.
Энэ удаад ХХ зууны эхэнд Монгол улсад ирж удаан хугацаанд амьдарсан Оскар Мамены цуглуулгыг Норвегийн Соёлын түүхийн музейн судлаач, Мария Картветийн дэмжлэгтэйгээр хэвлэн нийтлүүлж байна. Мария Картвет сүүлийн жилүүдэд Оскар Мамены холбоотой судалгааг хийж, түүний тэмдэглэл, холбоотой гар бичмэл материал, гэрэл зураг, цуглуулга зэргийг судалсаар байна. Түүний эмхэтгэсэн Оскар Мамений гэрэл зургийн цуглуулга нь ХХ зууны эхэн үеийн Монголын ахуй амьдрал, тухайн үеийн Хүрээний байдал, ноёд, язгууртнууд, энгийн ардын хувцас хэрэгсэл, эрхлэх аж ахуй, сүм хийд, төрийн болон шашны зан үйл, баяр наадам, шорон гяндан, байгаль орчин зэрэг маш өргөн хүрээтэй ховор сонин гэрэл зургийг нийтлүүлж байгаа юм. Уг бүтээлд Оскар Мамений төрөл Альфред Рустадын авсан 1911 оны 12 сарын 29-ны тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан өдрийн үйл явдлыг харуулсан гэрэл зураг юм. Энэ өдрийн талаар авсан гэрэл зураг өнөөг хүртэл тун цөөн мэдэгддэг. ОХУ-ын Угсаатны зүйн музейн сан хөмрөгт цөөн хэдэн зураг байгаагаас өөрөөр бид олж үзээгүй байна. Оскар Мамений авсан гэрэл зургууд нь анх удаагаа хэвлэгдэж байгаа бөгөөд түүхийн мэдээллийг өгч байгаа байдлаараа тун чухал ач холбогдолтой юм.
Ийнхүү “Монгол орон Монголчууд” гэрэл зураг дахь Монголчуудын түүх 10 боть цуврал төсөл хаагдаж байгаа юм. Өөр олон улс оронд маш олон тооны гэрэл зургууд хэвлэгдээгүй хадгалагдаж үлдсэн бөгөөд хэзээ нэгэн цагт дараа дараагийн судлаачид хичээн хайж, эрэн нэхэж хэвлэн нийтлэж олон түмний хүртээл болгож, монголын түүхийг улам баяжуулна гэж найдаж байна. Хэмээн Олон Улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуун номынхоо өмнөх үгэнд дурджээ.