2024-11-21

“Монголч эрдэмтэд” сэдэвт шуудангийн марк болон дугтуйн нээлт боллоо.

 “Монголч эрдэмтэд” сэдэвт шуудангийн марк болон дугтуйн нээлт боллоо.

Монголч эрдэмтэд” сэдэвт шуудангийн марк болон дугтуйн нээлтийн ёслол 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр “Чингис хаан” үндэсний музейд боллоо.

Анх 1959 онд хуралдсан Олон улсын монгол хэл, бичгийн эрдэмтдийн анхдугаар их хуралд зориулсан таван нэрийн марк тухайн ондоо гарч байсан бөгөөд уг маркт худам монгол, дөрвөлжин, тод, соёмбо, кирилл үсэг, бичгээр “Монгол” хэмээн бичсэн байдаг. Харин энэ удаа “Монголч эрдэмтэд” сэдэвт хэлхээ маркт Монголын нэрт соён гэгээрүүлэгч, эрдэмтэн, төрийн зүтгэлтэн Жамсрангийн Цэвээн (1881-1942), Зөвлөлтийн нэрт монголч эрдэмтэн, академич Борис Яковлевич Владимирцов (1884-1931), Америкийн монголч эрдэмтэн, профессор Оуэн Латтимор (1900-1989), Австрид төрсөн Германы нэрт монголч эрдэмтэн, профессор Вальтер Хэйссиг (1913-2005), Японы нэрт монголч эрдэмтэн Шигэо Озава (1926-2017), Австралийн Монгол судлалыг үндэслэгч, нэрт эрдэмтэн Игор де Рахевилц (1929-2016) нарын хөрөг, зохиол бүтээлийн дээж, 12 удаагийн их хурлын лого зэргийг дүрслэн харуулсан байна.

Маркийн зураачаар Г.Баттөр, дизайнер Ж.Ганхуяг нар ажилласан ба маркийг бүтээхэд Олон улсын монгол судлалын холбоо, “Чингис хаан” үндэсний музейн хамт олон, эрдэмтэн мэргэд хамтран ажилласан аж. “Монголч эрдэмтэд” сэдэвт шуудангийн марк өнөөдрөөс гүйлгээнд гарч, сонирхсон иргэд, цуглуулагчид хот, хөдөөгийн шуудангийн салбаруудаас худалдан авах боломжтой.