“Монголын дүрслэх урлаг судлалын өнөө ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Олон Улсын Монгол Судлалын Холбоо; СУИС-ийн харьяа Соёл урлаг судлалын хүрээлэн; Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургууль; Индиана Их Сургууль; ШУА-ийн Философийн хүрээлэн; Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей; Монголын уран зургийн галлерей хамтран Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын зураач, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, урлаг судлалын ухааны доктор Ням-Осорын ЦҮЛТЭМ (1924-2001)-ийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “МОНГОЛЫН ДҮРСЛЭХ УРЛАГ СУДЛАЛЫН ӨНӨӨ БА ИРЭЭДҮЙ” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 9-р сарын 6-ны өдөр зохион байгууллаа. Тус хурлаар:
1. Н.Цүлтэмийн судалгаа, уран бүтээл, туурвилын онцлог;
2. Монголын дүрслэх урлагийн уламжлалт соёл, сэтгэлгээ;
3. Монголын дүрслэх урлаг судлалын онол, арга зүй, түүхийг хамарсан шинэ сэдэвт судалгаа;
4. Монголын дүрслэх урлагийн бүтээлийн орчин цагийн чиг хандлага гэсэн сэдвийн хүрээнд Монгол Улс, АНУ, ОХУ, Швейцарын Холбооны Улс, ХБНГУ-ын нийт 18 эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлэв.
Мөн хурлын үеэр “Ням-Осорын Цүлтэмийн нэрэмжит тэтгэлэг”-ийг жил бүр монголын урлаг судлалаар ажиллаж буй гадаадын залуу монгол судлаачид олгохоор болсныг Индиана их сургуулийн профессор Ц.Уранчимэг болон Олон улсын монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Заяабаатар нар зарлалаа.