“Манж судлал-2024” олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар хурал боллоо
Олон Улсын Монгол Судлалын Холбоо, Архивын Ерөнхий газар, Чингис хаан үндэсний музей, Монгол Улсын Үндэсний Номын Сан, Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Монголын манж судлалын нийгэмлэг хамтран Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, Монгол судлалын хүрээлэн тус сургуульд манж сурвалж, архив, албан бичгийн өвийг судлах мэргэжилтэн бэлтгэж ирсний 80 жилийн ойд зориулан “Манж судлал-2024” олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг 2024 оны наймдугаар сарын 23-24-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Энэхүү хурлын нээлтийн ёслол, Үндсэн хуралдаан МУИС-ийн Эрдмийн танхимд 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр болов. Олон Улсын Монгол Судлалын Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Заяабаатар хурлын нээлтэд үг хэлж, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор Ц.Цэрэндорж, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессор, доктор Т.Отгонтуул нар үндсэн илтгэл танилцууллаа.
Тус хуралд Монгол Улс, Япон Улс, БНХАУ, БНСУ, БНТУ, ОХУ, Унгар Улс, БНЧУ, ХБНГУ, БНПУ, ИБУИНХУ, АНУ зэрэг 12 улсын 35 шинжлэх ухааны байгууллагын 50 гаруй судлаач оролцож, илтгэл хэлэлцүүлээ. Монгол Улсын Үндэсний Номын Сан энэхүү эрдэм шинжилгээний хурлыг тохиолдуулан “Манж ном бичиг” үзэсгэлэнг дэлгэн сонирхуулав.